Асуулт асуух урлаг

Selenge
4 min readApr 5, 2021

--

Бусдыг хариултаас нь илүү асуултаар нь дүгнэх зарчмыг дэлхийн тэргүүлэгч орны хүмүүс баримталдаг. Би яг одоо энэ асуудалтай нүүр тулж байгаа учраас залуучуудыгаа одооноос асуулт асуух урлагт суралцаасай гэсэндээ уг нийтлэлээ бичлээ.

Хөгжсөн орнуудын сургалтын систем яг үнэндээ манайхаас өөр. Энэ талаар Англи найзтайгаа ярилцаж байхад тэдний 10 жилийн сургуулиас нь л эргэцүүлэн бодох /Critical thinking/ чадварыг нь хөгжүүлж багшаасаа асуулт асуусан хүүхдийг сайшааж үнэлдэг гэв. Гэтэл бид нар сурагч байхдаа багшийн хэлснийг эсвэл ном дээр байгааг л зөв гэж шууд хүлээн авдаг байв. Оюутан болоод багш нартайгаа ярилцах, мэтгэлцэх нь харьцангуй нэмэгддэгч шууд багшийнхаа эсрэг байр сууриа илэрхийлэх, багшийг сорих тохиолдлууд ховор. Та бүхний туршлага дээр өөр жишээ байж магадгүй ч би энэ үеийн хүн юм аа 😅

Та бодоод үзээрэй! Багш лекцийн төгсгөлд Асуух асуулт байна уу? гэхэд хэр их оюутан гараа өргөж асуулт асуудаг вэ? Эсвэл ажил дээрээ мэдэхгүй зүйл тулгарахад хамт ажилладаг хүмүүс, захирлаасаа санаа зовохгүйгээр шууд асуултаа асууж чаддаг уу?

Асуулт асуудаггүй хүмүүсийг нөхцөл байдлаас нь шалтгаалж янз бүрээр ангилж болно. Өөрийн туршлага дээр тулгуурлан ангилбал:

Асуулт асуухаас айдаг бүлэг

Буруу асуулт асуугаад хүмүүсийн дунд эвгүй байдалд орохоос дуугүй сууж байхыг илүүд үздэг.

Зөвхөн мэддэг хүн л асуудаг гэж боддог бүлэг

Би энэ сэдвийг бүрэн гүйцэд мэдэхгүй. Энд байгаа хүмүүс надаас илүү мэдлэгтэй учраас намайг асуувал энийг мэддэггүй юм уу гэж шоолж, үл хүндлэх байх гэсэн айдастай.

Асуулт асуух тухай боддог ч үгүй бүлэг

Юм мэддэггүй хүмүүс л асуудаг гэж боддог. Харин хүмүүсийн асуултад хамааралтай хамааралгүйг үл харгалзан хариулах дуртай хүмүүс.

Идэвхгүй бүлэг

Асуулт асуух эсвэл тухайн харилцан ярианд ямар ч оролцох сонирхолгүй хэсэг. Хэрэг болж магадгүй гэсэн шалтгаанаар л сууж байгаа юм уу даа.

Та аль ч ангилалд багтсан бай хамгийн том асуудал бол асуулт асуухын үр ашгийг хараахан мэдээгүй байгаа юм байна. Гэхдээ энэ нийтлэлээр та бага ч гэсэн ойлголт авна гэж найдаж байна.

Асуулт асуух нь сурах үйл явцад асар их тусалдаг. Энэ бол маргаангүй үнэн. Санаа зоволгүйгээр мэдэхгүй зүйлээ асууж, үзэл бодлоо солилцох нь зөвхөн та хүссэн хариултаа аваад дуусах биш таны танин мэдэхүйг хөгжүүлж байдаг. Юмыг өөр өнцгөөс харж сурах нь маш том давуу тал шүү.

Яг үнэндээ би Англи улсад суралцах гэж ирээд өөрийгөө хамгийн их сорьсон чадвар маань яах аргагүй асуулт асуух байсан юм. Ангидаа ганцаараа Ази, төрөлх хэл нь англи биш оюутны хувьд энэ соёл надад анх хамгийн хэцүү санагдсан. Манай ангийн хүүхдүүд маш зоригтойгоор багштай мэтгэлцэж, үзэл бодлыг нь үгүйсгэн багш нарыгаа сорьж, хоорондоо зөвхөн хичээл биш маш олон зүйлсийн талаар ярилцаж санал солилцдог. Би энэ чадвараа сайжруулахын тулд нэлээдгүй судалгаа хийж, уншиж судалсан бөгөөд хүн болгон хэрэгжүүлэх боломжтой өөрийн хэрэгжүүлж буй аргуудаасаа хуваалцъя.

1.Илүү их асуулт асуу. Хичээгээд үз, тоолоод үз. Миний хувьд багаас нь эхэлж үнэхээр бүрэн ойлгоогүй зүйлээ багшаасаа асууж, өөрөө яагаад ингэж бодож байгаа талаараа хэлж ярилцаж эхэлсэн.

2. Харилцааны шинэ хаалгыг нээ. Шинэ хүмүүстэй танилцаж нетворкинг үүсгэхэд сонсох чадвар чухал ч оновчтой асуулт асууж харилцан яриагаа үргэлжлүүлэх маш чухал. Тиймээс найзуудтайгаа уулзахдаа надаас огт өөр зүйлсийг нь асууж сонирхож эхэлсэн. Тухайн улсын уламжлал, тэмдэглэлт баяр, хоол гэх мэт. Шинэ соёл, үзэл бодолтой танилцах нь ямар сонирхолтой гээч.

3. Цаг хугацаагаа мэдрэх. Харилцан ярианы хамгийн чухал зүйл бол цаг хугацаагаа мэдрэх. Ямар ч энгийн асуулт байсан гэсэн зөв мөчид асуувал үнэхээр гайхалтай яриа, шинэ мэдээллийн эхлэл болж чаддаг.

4. Төлөвлөгөөгөө зурагла. Яг л тоглоом шиг. Би ингэж асуувал надаас ингэж асууж магадгүй гэсэн бэлтгэлтэй байхад илүүдэхгүй. Эсвэл ийм хариулт өгвөл энэ талаар нь илүү ярилцмаар байна гэдэг ч юмуу зүгээр л асуулт хариулт биш харилцан яриа болгох ерөнхий төлөвлөгөөг толгойдоо зураглаарай.

5. Зорилгоо сайн мэдэх. Би яг юу мэдэж авахыг хүсэж байна вэ? Би яагаад энэ асуултыг асууж байгаа билээ? Би яг ямар хариулт хүлээж байна? гэх мэт асууж буй зүйлээ бүрэн ойлгох хэрэгтэй.

Би ч мөн өөртэйгөө тэмцэн дутуу байгаа чадвараа аль болох хөгжүүлэх гэж л хичээж яваа. Та өөрийнхөө ямар нэг чадвараа дутуу байгааг мэдэрвэл өөртэйгөө тэмцэн сайжруулахыг хичээгээрэй. Аливаа зүйл оролдлогоос л эхэлдэг. Тиймээс та хичээлээ дуусахад хэн ч асуулт асуухгүй багшид ч оюутнуудад ч эвгүй чив чимээгүй орчинг эвдээд асуулт асуугаад үзээрэй. Тэнэг асуулт гэж байдаггүй юм шүү! Харин зоригтой, мэдэхийг хүссэн сониуч хүмүүс л бий.

Танд амжилт хүсье!

--

--

Selenge
Selenge

Written by Selenge

Chevener🏆| Marketer🌏| Traveler👣| Sustainability🍀| Positivity😇| Creativity👸| Brand🎯| Women Power🔥| Dreamer🦋....... 📍🇲🇳 • 🇰🇷 • 🏴󠁧󠁢󠁳󠁣󠁴󠁿 • 🇬🇧

No responses yet